Monday, August 13, 2012

СТЭНФОРДЫН ЭРДЭМТДИЙН ЛЕКЦИЙГ ХААЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Өнөөдрийн энэхүү лекцийн арга хэмжээнд оролцож, анхааран сонссон нийт иргэддээ талархал илэрхийлье. Голдуу залуучууд байна. Мөн энэхүү лекцийг МҮОНТ, NEWS TV (EAGLE телевиз) БОЛОВСРОЛ Телевиз шууд дамжуулсан учраас ард иргэд маань өргөнөөр үзэн сонирхсон байх гэж бодож байна.
Бид www.president.mn, www.news.mn цахим хуудсуудад энэхүү лекцийн бүрэн бичлэгийг тавих болно. Стратегийн судалгааны хүрээлэн дээр эдгээр эрдэмтэд маань таван өдөр ажиллаж, лекц унших юм Цаашид их дээд сургуулиуд эдгээр эрдэмтэдтэй холбогдож илүү мэдээлэл авахыг хүсвэл манай хэвлэлийн албатай холбоо барьж болно.
Ер нь дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэртэй профессоруудын үг, хэлж буй санаанууд маш чухал байдаг. Яагаад чухал байдаг вэ гэдгээс үүдээд би нэг хүний тухай ярья. Би Жефри Заагс хэмээх эрдэмтнийг Монголд ирээрэй гэж байнга урьдаг. Энэ хүн Монголд 1990 онд ирээд явсан. Одоо Харвард болон бусад газар лекц уншихдаа Монголын тухай 1990 оны сэтгэхүйгээр ярьдаг. “Намайг Монголд очиход гадагшаа ярьдаг хоёрхон утас байсан. Нэг нь Зөвлөлтийн Элчин сайд ярьдаг, нөгөөх нь Төв хорооныхон ярьдаг хоёр утас байж билээ. Би Америк уруу холбогдох гээд Намын төв хороо орж утсаар ярьж байсан” гэж тэрээр хэлж байсан.
Тэгэхээр энэ хүмүүст үлдээсэн сэтгэгдэл, энэ хүмүүсийн Монголоос авч явж байгаа сэтгэгдэл, хийж байгаа судалгаа, Монголыг оруулж байгаа судалгааны үг бол үнэхээр олон улсад хүрдэг, олон хүнд хүрдэг юм аа гэдгийг бид ойлгох ёстой. Ийм нэр хүндтэй судлаач эрдэмтэд Монголд ирж лекц унших нь их чухал боломж юм. Энэ хүмүүсийг биднийг дагаж сэтгэ гэж бид хэлэхгүй. Тэр тусмаа төр засгийн юм уу, Ерөнхийлөгчтэй адилхан сэтгээч гэж бид гуйхгүй. Энэ хүмүүс өөрсдийнхөө судалгаа, өөрсдийнхөө үнэлэмжин дээр байх болно. Би сая, хэрвээ би Ерөнхийлөгч болоогүй бол судлаач болох байсан болов уу гэж бодож байлаа.
Та бүхэнд ямар бодол төрснийг юм бүү мэд. Үнэхээр судлаачид бол төр засгаас илүүтэй, Ерөнхийлөгчөөс илүүтэй сайн зүйлийг, сайн үр дүнг тухайн ард түмэнд хүргэж чадна гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Тийм учраас эдгээр эрдэмтдийн хэлж буй үгийн цаад учгийг бид ойлгомоор байгаа юм. Зарим хүмүүс “За энэ нэртэй том профессорууд ирээд онол ярьж байна. Монголын амьдрал өөр шүү дээ, бидний амьдрал өөр шүү дээ” гэж бодож магад. ­Ер нь бид тэгж боддог. Би ч заримдаа тэгж боддог. Тэгээд явж явж хэдэн жилийн дараа энэ эрдэмтдийн зөв болоод байдаг юм. Яагаад энэ хүмүүсийн зөв болдог вэ гэхээр энэ хүмүүс судалгаанд суурилж, үнэлэмжид суурилж яриад байдаг юм. Заримдаа “Энэ ч Монголд өөрөөр шийдэгдэнэ дээ, манайд ч өөр шүү дээ” гэж ярьдаг. Гэвч энэ хүмүүсийн яриад байгаа зөв болдог юм шүү гэдгийг би хэлэх гэсэн юм. Үнэт зүйл, үнэлэмжийг тодорхойлоход энэ хүмүүс оролцож байна.
Энэ жил Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна. Өнөөдрийн энэ лекц энэ ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Монгол Улс дэлхийн ардчиллын том хөдөлгөөн болсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалж байна. Бид маш тодорхой санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. “Ардчиллын боловсролыг дэлхий нийтэд түгээе, авлигыг үл тэвчих хөдөлгөөнийг дэлхий нийтээр бий болгоё, иргэний нийгмийг дэлхий нийтээр дэмжье” гэсэн санаачилга явж байгаа. Энэ хүрээнд эдгээр эрдэмтэд маань Монголд ирж Ардчиллын талаар лекц уншиж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.
Ларри Даймонд хэмээх энэ эрдэмтэн бол нэрийг нь хэлэхэд л дэлхий даяар мэддэг, Стэнфордын их сургуулийн Спогли хэмээх бодлогын судалгааны төвийн захирлын албыг хашиж байгаа хүн шүү дээ. Харин Фрэнсис Фукуяама, Стив Краснер хэмээх энэ хоёр профессор тэр төвд нь хамтран ажиллаж судалгаа хийдэг юм. Эдгээр эрдэмтэд яг энэ ардчиллыг, яг энэ хөгжлийг, яг энэ хуулийн хэрэгжилтийг судлаж байгаа Стэнфорд хэмээх алдартай сургуулийн хамгийн чухал эрдэмтэд юм.
Та бид ардчиллын төлөөх хамтын нийгэмлэгийг даргалж байгаагийн хувьд Монголын ардчиллын чанарыг сайжруулах ёстой гэж би бодож байна. Монгол бол нөөц боломжийнхоо ирмэгэн дээр байгаа улс. Нэг бол муу талруу унах, үгүй бол сайн талруугаа дэвжинэ.
Ер нь бол муу талруугаа унах талд их ойрхон болчихсон байгаа. Сая та бүхэн Конго Улсын талаар сонссон. Инфляци нь 13 хувьтай, Монголд бол 15 хувьтай байна. Анголд дундаж наслалт 50 байна. Монголд бол 68 гэж ярьдаг. Ингээд харахаар Ангол талруугаа их ойрхон байна. Ер нь бол аюул ойрхон байгааг харсан мэдэрсэн бол хүн тэр даруйдаа зугатдаг.
Тиймээс би Монголчууд зөв талруугаа “зугатах” болов уу гэж харж байна. Тэр нь манай залуучууд, өнөөдөр энд сууж байгаа, бас цэнхэр дэлгэцээрээ энэ лекцийг үзэж байгаа Та бүхэн гэж бодож байна. Миний итгэж байгаа хамгийн чухал зүйл бол ард түмнээ түшсэн, тэднийхээ сайн сайханд тулгуурласан, тэднийхээ дэмжиж хүрээлж байгаа тэр л бодлогоор төр засгийн бодлого тодорхойлогддог учраас “итгэл” байгаа гэж хэлсэн юм.
Фрэнсис Фукуяама “Эрх чөлөө бол унаж босдог янз бүр л байдаг. Гэхдээ эрх чөлөөтэй оронд шинэ баялаг байдаг юм шүү” гэж хэлсэн. Бусдыг заавал дуурайх хэрэггүй. Саяын ярианаас харахад бидэнд тулгарч байгаа асуудал дээр ганц ч хариулт байхгүй. Гэхдээ эрх чөлөөнд шинэ баялаг бүтээх боломж хангалттай байдаг. Эрх чөлөөтэй хүнд шинээр баялаг бүтээх боломж ямагт байдаг тухай ярьлаа. Ийм хандлагаар өнөөдрийн лекцыг Монголчууд ойлгох болов уу гэж бодож байна.
Стивэн Краснерын хэлсэн үгэнд “Та нар гараа хүлээч” гэж. Ямар ч төр мөнгөнд дуртай байдаг. Ардчилсан төр ч мөнгөнд дуртай. АНУ өнөөдөр 14 триллион долларын өртэй дампуурлын ирмэгт байна гэж сая ярьж байна. Монгол ямар хэмжээний өртэй байгаа бил ээ? Ямар хэмжээний хүндрэлийн өмнө зогсож байгаа бил ээ? Тэгэхээр уул уурхайн салбараас орж ирж байгаа баялагаа өөрсдөө та бүхэн авч явдаггүй юм гэхэд тусад нь Азийн хөгжлийн банктай хамтран Удирдах зөвлөл (Board) байгуулан, Сингапурт зургаан хүн ажиллуулаад Монголоос 3 хүн ажиллуулан тусад нь шийдвэр гаргуулаад яв. Аль ч засгийн газар өөрсдийн мөнгөө мундаг зарцуулж байна, зөв зарцуулж байна гэж хэлдэг. Дараа нь харахад буруу болсон байдаг шүү гэж хэллээ. Энэ бол маш чухал, “төрийн гарыг хүлж өгөөч”, “засгийн гарыг боож” өгөөч ээ гэж.
Ерөөсөө эрх мэдэл, мөнгөнд шунасан дурыг хязгаарлахад л сайн төрийн үүрэг оршдог. Сайн хуулийн үүрэг төдийгүй нээлттэй нийгмийн үүрэг байдаг юм. Ардчилалын замаар явах уу эс бөгөөс сайн диктатур уруу (дарангуйлагч) явах уу? гэдэг сонголт улс орон бүрт л байдаг. Сайн диктатурын бодит жишээ бол Сингапур. Ли Ю Куа гэгч гарч ирээд одоо явж байгаа. Муу диктатурын жишээ өөр оронд зөндөө байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэр бол байнга олдоод байдаггүй юм. Тэрний хангалт, нийлүүлэлт тийм хангалттай биш. Хүү нь аав шигээ байж чадах уу? ач нь өвөө шигээ байж чадах уу? Тэгэхээр сайн хуулийг бий болго.
Би ямар учраас 16 хуулийн өөрчлөлт УИХ-д оруулж ирж байгаа вэ гэвэл Элбэгдорж нэг өдөр Ерөнхийлөгчөөс явна. Гэхдээ Монголын шүүх шудрага болоод үлдэх ёстой. Монголд шудрага ёс тогтох ёстой.
Зөв механизм тогтох ёстой. Үүнийг л бид хийх ёстой. Ерөөсөө л “өв сан”. Чи ардаа юу үлдээгээд явж байна? Өнөөдөр сайн муу ажиллаж байгаагаар нь биш 10 жилийн дараа, 20 жилийн дараа чи юу үлдээж чадав? Юу хийж чадав? Ямар асуудлыг шийдэж чадав гэдгээр чинь дүгнэнэ. Энэ бол ардаа үлдээх өв болж үлдэнэ. Тэр нь механизм болох ёстой. Сайн хүн биш сайн механизм, нээлттэй механизм, ард түмэнд хүрсэн эрх эрх чөлөө, ард түмэнд хүрсэн сайн сайхан болж үлдэх ёстой. Тийм учраас энэ зүйлийн төлөө та бид явах ёстой.
Шинжлах ухаан нь төрдөө хөтлөгдөх бус төр нь шинжлэх ухаандаа хөтлөгдөж, судалгаа нь төрдөө хөтлөгдөх бус төрөө судалгаа нь хөтөлж авч явах ёстой. Дараа нь нэг л өдөр Монголын гурван алдартай судлаач залуучууд энд ирээд лекц уншиж, түүнийг нь сонсож чаддаг ерөнхийлөгч, засгийн газар, их хурлын гишүүдтэй болох хэрэгтэй. Түүнийг нь төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Ингэж гэмээнэ Монгол Улс хөгжинө.
Ларри Даймондын өгүүлбэр бүрийнх нь цаана асар их санаа агуулагдаж байна. Түрүүний хэлсэн зүйлээ дахин сануулъя. Бид эрх чөлөөтэй ардчилалтай орон гээд л яриад байна. Хууль хэрэгжихгүй бол энэ хоосон л зүйл. Бид сайхан дээлтэй гэж хэлж болно. Эхээс төрсөн бие байна. Тэгээд өөрийн дээлийг өлгүүрт аваачаад өлгөчихсөн бол хоосон гэсэн үг. Биеэн дээр өмсөөгүй л бол тэр дээл хоосон, эзэнгүй дээл. Яг үүнтэй адил “эрх чөлөө гэдэг оёсон дээл”. “Бие” нь өөрөө хуулийн хэрэгжилт байж чадахгүй л бол, хуулийг ялгамжгүйгээр хэрэгжүүлж чадахгүй л энэ бол эрх чөлөөний завхрал болно. Өнөөдөр Монголд эрх чөлөөний завхрал тал нь илүү байгаа шүү.
Үүнийг бид байнга болгоомжилж харж байх ёстой. Энэ хонхон дээр, энэ сэрүүлгэн дээр манай ард түмэн байнга “дарж”, байнга сануулж байх ёстой. Биднийг байнга сэрээж, буруу явж байгаа бол зогсоож чадах хүч ард түмэнд байгаа гэсэн ийм л ойлголт надад байгаа учраас үүнийг онцлон хэлмээр байна.
Сая төрийн чанарын тухай их чухал үг хэллээ. Төрийн чанар хаанаа байдаг юм бэ? Ерөөсөө л хуулийн хэрэгжилтэд байдаг. Чадваргүй, настай, халамжлах ёстой хүмүүсийг халамжилж байгаа тэр халамжид нь байдаг юм. Төрийн чанар бол сайн үйлчилгээнд байдаг юм. Тэгэхээр энэ гурван зүйлийг бий болгохын төлөө явах ёстой. Энэ гурван зүйлийг бүрэлдүүлэхийн тулд явах ёстой. Энэ салхийг хагалж өгсөн гурван профессортоо баярлалаа.
СТЭНФОРДЫН ЭРДЭМТДИЙН ЛЕКЦИЙГ ХААЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

No comments:

Post a Comment