Monday, August 13, 2012

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР МАНАЙ УЛСАД ЗОЧИЛЖ БУЙ СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, НЭРТ СУДЛААЧ ФРЭНСИС ФУКУЯАМА, ЛАРРИ ДАЙМОНД, СТИВЕН КРАСНЕР НАРЫН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЛЕКЦИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид оо

Өнөөдөр бид Стэнфордын алдарт эрдэмтэд, профессоруудыг эх орондоо урьж авчраад байна. Дэлхийд алдартай эрдэмтэн, судлаач Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар бидний урилгаар манай улсад ирж “Ардчиллын чанар чансаа” “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд” “Төр улсыг засан тохинуулахуй” зэрэг сэдвээр лекц уншиж, та бидэнтэй үзэл бодлоо хуваалцах гэж байна.

Дэлхийн бодлого боловсруулагчид, судлаачид, эрдэмтэд, оюутнууд хамгийн түрүүн энэ профессоруудын аль нэгтэй уулзахыг хүсдэг. Энэ 3 хүний аль нэг нь ном бичиж, судалгаа гаргахад дэлхийн оюуны давхарга тэднийг уншиж, уулзахыг хүсдэг. Ийм гурван хүн Монголд ирнэ гэдэг бол сайхан боломж.
Монгол бол боломж нээлттэй орон. Бид 23 жлийн турш нэг ийм систем бүтээлээ. Энэ бол нээлттэй байгаа боломж: зөвдөхөд ч, буруудахад ч нээлттэй, амжилт олоход ч нээлттэй байгаа боломж. Гэхдээ бид иргэдийнхээ сонголтод тулгуурлаж бодлого боловсруулдаг учраас бид зөв замаар явж чадна гэдэгт итгэдэг.
Өнгөрсөн хугацаанд миний нэг олсон сургамж бол нураахаас бүтээх нь хэцүү гэдэг сургамж байгаа. Аливаа дэглэмийг өөрчилж болно. Гэхдээ ардчилсан нээлттэй, хууль нь хэрэгждэг, нийгмийн үнэт зүйлсийг бүтээж бий болгоно гэдэг бол хамаагүй хэцүү зүйл гэдгийг бид харж байна. Бүтээнэ бий болгоно, юмыг ажиллуулна гэдэг бол өөрчлөлт хийхээс илүү хэцүү гэдэг нь харагдаж байна.
Энэ тухай монголчууд өнөөдөр бодож байгаа юм биш. 800 жилийн өмнө ч бодож байсан. Чингис хааны хэлсэн үг байдаг: “Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг товхинуулах хэцүү” гэж үг бий. Яг үүнтэй адил. Коммунист дэглэмийг өөрчлөх амархан, ардчилсан тогтолцоог бий болгох хэцүү. Хууль ёсыг тогтоох, шударга ёсыг тогтооход хэцүү, үүнд эр зориг хэрэгтэй, эрсдэл хэрэгтэй. Үүнийг бидний өвөг дээдэс өмнө нь харж байсан байна.
Монголчууд өөрийн гайхамшигтай түүхтэй ард түмэн. Би ард түмнийхээ бүтээсэн зүйлээр бахархаж явдаг. Монголчууд бүс нутагтаа дэлхийн түүхийг өөрчлөхөд хувь нэмэр оруулсан үндэстэн. Дэлхийн хуурай газар дээр хамгийн том улс гүрнийг байгуулж явсан улс. Ер нь зохион байгуулалт гэж юу байдаг юм,хууль ёс гэж юу байдаг юм, төр улс гэж юу байдаг юм гэдгийг харуулж танилцуулж, тэр үр үндсийг ургуулж явсан агуу ард түмэн юм.
Өнгөрсөн жил бид төрт ёсныхоо 2220 жилийг ойг тэмдэглэсэн. Ийм гүн гүнзгий суурь бидэнд, монголчуудад байгаа юм. Монголчууд өнөөдөр л хууль ёсны тухай яриагүй юм. Бид 800 жилийн өмнө хууль ёсыг сахиж, бичмэл хуулиар засаглаж явсан. “Ийм гэм хийвэл ингэж шийтгэнэ, Ийм гавьяа байгуулбал ийм шагнал хүртээнэ” гэж бичиж , дагаж мөрдөж байсан ард түмэн.
Монголчууд бол оюун санааны ололтыг дээдэлдэг байсан ард түмэн. Тэр үед нийслэлдээ, өнөөгийн Хархоринд хамгийн алдартай эрдэмтэд, урчууд ирж цуглаж гайхамшгийг бүтээж байсан. Монголчуудын хүрсэн газар бүхэн шинжлэх ухааны шинэ зүйлс дэлгэрч байсан.
Монголчууд бол хүний шүтэх эрх эрх чөлөөг хүний эдлэх ёстой эрх гэж дээдэлдэг байсан аугаа ард түмэн. Өнөөдөр ч тийм байгаа.
Монголчууд бол дэлхийн улс гүрнүүдийг холбож, харилцаа холбоо тогтоож, өртөө, сүлжээ бий болгож байсан ард түмэн. Хархориноос Бээжин хүртэл морин өртөөгөөр 7 хоног явж, хаадын зарлигийг түгээж байсан. Өнөөдрийн бол интернэт шүү дээ. Ийм агуу ололтыг, ийм агуу хурд хүчийг эзэмшиж байсан учраас тэр үед монголчууд амжилтад хүрсэн юм.
Монголчууд чөлөөт худалдааг дэмждэг байсан. Монголын эзэнт гүрэн байгуулагдаж амжилт олсны бас нэг учир шалтгаан бол тэр торгоны зам бий болж, чөлөөт худалдаа цэцэглэж байсан, арилжаа наймааг дэмжиж байсан учраас юм.
Өнөөдөр монголын төр энэ суурин дээр монголчуудын энэ бүтээлч чанарыг дэмжих ёстой. Төрийн тухай монголчуудын ойлголт хамгийн эрхэм дээд гэсэн ойлголт байдаг. Аль ч үедээ монголчууд муу засаг гэж байх ёсгүй гэж ойлгож байсан.
Ийм гүн гүнзгий, гайхамшигтай суурин дээр Монголын соёл иргэншил үүсэн хөгжиж ирсэн гэж би хэлэх гэсэн юм. Төрийн тухай ойлголт, хуулиа дээдэлдэг ойлголт монголчуудын маань хувьд эрхэм дээд ойлголт юм.
Би өнөөдөр хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Бид бол эрх чөлөө, оюун санааны хүчинд итгэдэг ард түмэн. Эдгээр нь аливаа ард түмнийг хөгжилд дагуулах хүч юм. Гэтэл бид энэ хоёр салбарт алдаж байгаа.
Эрх чөлөө гэж юу вэ? Хуулиар засаглах, хуулийн хэрэгжилт гэсэн үг шүү дээ. Хуулийн өмнө хэн ч тэгш байна. Мөрдөж буй хууль нь ямар ч бай хэрэгждэг л байх ёстой. Үүнийг л ойлгох ёстой. Эрх чөлөө гэдэг бол хуульгүй амьдарна гэсэн үг бус, хууль бус үйл ажиллагаа явуулна гэсэн үг бус юм. Монголчуудын дунд “төрийн төмөр нүүр” гэсэн ойлголт байдаг. Энэ нь аливаа хуулийг хэрэгжүүлэхдээ төмөр мэт нүүртэй бай гэсэн үг. Нэгэн рүү харж инээж, нөгөө рүү харж уйлах ёсгүй гэсэн үг. Ийм байж чадсан ард түмэн, нийгэм, улс гүрэн эрх чөлөөтэй байж, хөгжиж чаддаг юм. Тэгэхээр эрх чөлөөний хүчийг бүрэн хэмжээнд ашиглахын тулд бид улс орондоо шударга ёс тогтоох хэрэгтэй. Шударга ёс нь биднээс үйлдэл шаарддаг.
Шинэ Засгийн газрын хувьд эдийн засаг, нийгэм, соёлын талаар шийдвэр гаргахад тийм ч хэцүү биш. Харин шударга ёсыг тогтоохын төлөө шийдвэр гаргахад хэцүү шүү. Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох шийдвэр гаргахад хэцүү. Энэ бол жинхэнэ шалгалт. Төрийн хүн, удирдагч хүнээс авч буй нэг ёсны шалгалт юм. Үүнийг л ард түмэн хардаг. Энэ шалгалтыг давж чадаж байгаа бол тухайн ард түмэн хөгжиж, эрх чөлөө тогтох болно. Тийм учраас эрх чөлөөний боломж нь байна. Харин хуулийг нь хэрэгжүүлж байгаа байдал, өнөөгийн засаглалын байдал зэргээс болоод энэ хүч сайн ажиллаж чадахгүй байгаах бид хэлэх гэсэн юм.
Хоёрдугаарт: бид оюун санааны хүчний тухай ярьсан. Нэг зүйл манайд үнэхээр дутагдаж байна. Өнөөгийн Монголын төр засагт шийдвэр сэтгэл хөдлөлөөр гарч байна. Ард түмэн гэдэг нэрийн дор нийгмийн нэгээхэн хэсгийн хийж буй улс төр, популист үйлдлийг дагасан хөтөлбөр болон үүнд үндэслэж сонгуульд оролцож, албан тушаалд хүрч, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдох авч, нуран унадаг. Ийм утга учиргүй хандлага ажиглагдаж байна. Оюун санааны хүчин чадлыг бид бүрэн эзэмшиж чадахгүй байна. Өнөөдөр бидэнд судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого үгүйлэгдэж байна.
Тухайн УИХ-ын гишүүн өглөө аль хөл дээрээ боссоноос шууд шалтгаалан хууль гарч байна. Ийм улс орон яаж хөгжих юм бэ. Үнэхээр хөгжсөн улс орнууд бол өнөөдөр энд хүрэлцэн ирсэн энэ эрдэмтэд шиг хүмүүсээ үргэлж сонсдог.
“Ардчилалд шилжиж буй улс орнуудын уналтын гол шалтгаан нь авлига юм” хэмээн Ларри Даймонд хэлсэн. “Хүн төрөлхтний хөгжил үзэл суртлын зөрчилдөөнөөр явахаа болилоо. Үзэл суртлын эволюцаар бус хүний өөрийнх нь эволюцаар, чөлөөт сонголтоор, ард иргэдийн эрх чөлөөгөөр тодорхойлогддог боллоо” хэмээн Фрэнсис Фукуяама дүгнэлт гаргасан. “Төр бол хэрэгждэг хууль тогтоомж юм шүү” хэмээн Стивен Краснер хэлсэн. Энэ бүхэнд, ийм судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой байхгүй юм. Тэгэхээр өнөөдөр бидэнд нүүрс, баялаг, мөнгө байж болно. Харин бидэнд оюун санаа, дүн шинжилгээ алга байна. Бидэнд нэгнийгээ болон юм мэддэг хүмүүсээ сонсох чадал алга байна. Үүн дээр суурилсан бодлого хэрэгтэй байна.
Өнөөдөр манайд улстөр яаж явж байна? Хэдэн хүн нийлж хуралддаг, гарч ирж хэвлэлд мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийдэг. Тэгээд болоо. Та нар нэг хардаа! Аль нам хэвлэлийн бага хурал хийв, аль улстөрч хэвлэлийн хурал, мэдэгдэл хийв үүгээр нийгмийн үйл явц тодорхойлогдоод байна. Ийм ядуу, ийм хатингиршсан ийм нийгэмд энэ төр засгийн бодлого үнэхээр ядуу байхаас аргагүй юм. Тийм учраас би нэг сэрүүлэг дуугаргах гэсэн юм. Энэ гурван профессортой би Амеркийн Нэгдсэн Улсад айлчилж, Стенфордийн Их сургуульд зочилж байхдаа уулзаад яагаад энэ сэрүүлгийг дуугаргаж болохгүй гэж? гэж бодсон юм.
Ерөөсөө сэтгэгчдийнхээ, оюун санааны түүчээнийхээ хэлж ярьж байгааг дагаж зөвхөн өөрийн орондоо биш тив, дэлхий нийтэд хэлж ярьж байгааг нь дагаж байж улс орон зөв хөгждөг юм. Тийм учраас бид өнөөдөр бүгдээрээ уурхайчин болохоо байя, нэг хэсэг нь номтой эрдэмтэй, нэг хэсэг нь судлаачид болох хэрэгтэй байна. Тэгээд түүнийгээ дагаж шийдвэр гаргадаг болох хэрэгтэй байна. Энэ цаг үеэс эхэлж бид оюун санааны баялагийг бий болгоё, эдийн засгаа солонгоруулъя гээд байгаа шүү дээ.
За ингээд энэ гурван алдартай профессорууд Стивен Краснер, Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама гэдэг энэ гурван хүн энэ индэр дээрээс энэ зааланд үг хэлж , та бүхний сонирхсон асуултанд хариулах гэж байна. Бид эндээс шинэ баримжаа авна гэж найдаж байна.

Манайд бас нэг гайхамшигтай баялаг байгаа. Тэр бол хувь хүн бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой. Магадгүй энэ гурван профессорийн хэлж байгаатай санал нийлэхгүй үй түмэн залуучууд, эрдэмтэн, судлаачид манайд байгаа. Үүгээрээ Монгол гайхамшигтай юм. Хувь хүн болгон бие даасан үзэл бодолтой, гэхдээ хүнээс юм сонсоно гэдэг ялангуяа ухаантай хүнээс юм сонсоно гэдэг гайхамшигтай зүйл шүү. Та бүхэнд баярлалаа.

No comments:

Post a Comment