Tuesday, September 17, 2013

Зах зээлийн эдийн засаг дахь хариуцлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зах зээлийн эдийн засаг дахь хариуцлага сэдэвт Монгол-Германы чуулганд оролцлоо. Конрад-Аденауэр Сангаас санхүүжүүлж, УТБА зохион байгуулж, Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудалд болсон арга хэмжээг нээж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол-Германы чуулганы ерөнхийлөгч П.Очирбат нээж үг хэлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы оролцогчдод мэндчилж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Конрад-Аденауэр Сан бол монголчуудын сэтгэл зүрхэнд их ойрхон байдаг байгууллагуудын нэг билээ. Намайг 1993 онд Ардчилсан Холбооны дарга байхад Конрад-Аденауэр Сангийн анхны төлөөлөгчид болох хатагтай Крейгер, ноён Юнг нар айлчилж, бид хүлээн авч байлаа. Тэд анх Монголд хүрэлцэн ирээд ихэд гайхаж, “Герман улс ардчилалд шилжих үеийг санагдууллаа. Энэ залуучууд энэ их том өөрчлөлтийг хийгээд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Улс орон, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө ингэж зүтгэж яваа хүмүүст бид туслах ёстой” хэмээн бидэнд ярьж байсан юм.














Ингээд Монголын Ардчилсан Холбоо, Конрад-Аденауэр Сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд Монголд улс төрийн боловсролын академи байгуулах, Конрад-Аденауэр Сангаас Монголд төлөөлөгчөө нээх зэрэг чухал заалт, санаачилгыг тусгасан байсан. Энэ заалт, тохиролцооны дагуу үйл явц хэрэгжсэнд бид туйлын их баяртай байдаг. Германы алдартай төрийн зүтгэлтний нэрэмжит уг сан нь Монголд ХБНГУ-аас өмнө нь байгаагүй улс төрийн хамгийн том брэнд юм. Монголын аль ч аймаг сумд очсон Конрад-Аденауэр Сангийн журмаар сургалтад хамрагдсан иргэд байдаг. Хөдөө орон нутагт Конрад-Аденауэр Сангаас хүмүүс ирэхэд зарим иргэд Конрад-Аденауэрийг амьд хүн хэмээн төсөөлж, “Аденауэр гуай аль нь бэ” хэмээн асуудаг. Ингэж бидний нөхөрлөл эхэлсэн юм.

Монголын ардчилалд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн өрнөдийн сан бол яахын аргагүй Конрад-Аденауэрийн Сан билээ. Бид ингээд 20 жилийн дараа эргээд харахад үнэхээр сайхан санагдаж байна. Өнгөрсөн 90-ээд оныг өнөөдөртэй харьцуулахад үнэхээр тэнгэр газар шиг санадаг. Тэр үеэс хойш Конрад-Аденауэр Сан их идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Мөн 1994 онд тухайн үеийн шинэ ардчилсан хүчний удирдлагуудыг анх удаа ХБНГУ-д айлчлах боломж олгож, “Та бүхэн нэгдэж, нэг хүч болж ажиллах хэрэгтэй” хэмээн зөвлөж байсан. Үүнээс хойш ардчилсан хүчин нэгдэн нийлж, хамтран ажиллах үйл явц эрчимжиж байв. Ингээд 1996 оны УИХ-ын сонгуулийн үеэр анх удаа ардчилсан хүчин түүхэн ялалтаа байгуулсан.

Энэ бүх хугацаанд Конрад-Аденауэр Сан үйл ажиллагаагаа Монгол даяар эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Ардчилал бол ямар нэгэн кампанит ажил, хэдэн жил хийгээд дуусчихдаг зүйл биш юм. Энэ бол үргэлж боловсронгуй болж, цаг үеийн шаардлагаар үргэлж өөрчлөгдөж байх ёстой үйл явц юм. Иймээс Конрад-Аденауэр Сангийн ажил Монголд дуусаагүй гэж би хувьдаа боддог. Ардчиллын үйл явцыг Монголд эрчимжүүлэх, баталгаажуулах үйл хэрэг бас дуусаагүй. Цаашид ч дуусахгүй. Тэгэхээр ардчилал нь хүрч очих зогсоол биш явах зам юм.
Конрад-Аденауэр Сантай хамтран ажиллах нэгэн гайхамшигтай зүйл нь Монголын аливаа асуудлыг хамтран бид хэлэлцэж, шинэ санаа уралдуулдагт оршино. Тэгэхээр зах эдийн засгийн хариуцлага бол Монголд нэн тэргүүнд хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг юм. Үүнтэй холбоотой санаа хэлэхэд нэг үе зах зээл рүү чиглэж байсан тэр хандлага удаашрах маягтай болж байгаад би хувьдаа сэтгэл зовнидог. Энэ асуудалд Конрад-Аденауэр Сан, Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүгд анхаарах ёстой.

Нэг үе хувийн хэвшлийнхэн ДНБ-ний 80 орчим хувийг үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр дээрх үзүүлэлтээс ухарч 60 хувиас бага болсон. Тэгэхээр Монгол Улс төрийн мэдлийн компани аж ахуйн нэгж байгуулах тал дээр хориг тавих хэрэгтэй. Төрийн компани байгуулах бол УИХ хуулийн дагуу байгуулдаг болгоё. Хувьчлалын үйл явцыг дахин эрчимжүүльё. Төрийн өмчит компаниуд ямар байдалтай байдгийг та бүхэн мэднэ. Энэ салбарт хувийн хэвшлийнхэн орох боломжийг нэмэгдүүлэх ёстой. Зарим улс оронд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийх боломжийг төрийн өмчит компаниуд нээж өгдөг. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоог бид онцгой анхаарах ёстой.

Монголд олон нийтийн хамааралтай зүйлийг төртэй хутгаж, олон нийтийн оролцоог төрийн оролцоо гэж ойлгоод байдаг. Тэгэхээр олон нийт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төрийн оролцоог хазаарлах чиглэлд бид явах ёстой. Ирэх 2014 оны төсвийг энэ оны төсвөөс ихэсгэх биш буулгах хэрэгтэй. Тэгээд энэ хандлагаа цаашдын хэдэн жил барих ёстой. Тэгэхээр бид энэ чуулганаар дээрх асуудлуудыг хэлэлцэх ёстой. Юуны түрүүнд эдийн засгийн сууриа бэхжүүлж байж Монгол Улс хөгжинө.

Конрад-Аденауэр Сангийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн хүмүүс, орон нутгийн төлөөлөл, эрдэмтэд мэргэд энд олноор хуран цугларсан байна. Тэгээд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн санал санаачилгыг цаашдын хэлэлцүүлэг, шийдвэртээ тусгаж ажиллахыг та бүхнээс хүсэн ерөөе. Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Дараа нь ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, Төрийн нарийн бичгийн дарга асан, Конрад-Аденауэр Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Вилхельм Штаудахер нар үг хэлснээр чуулган үргэлжлэв.

No comments:

Post a Comment