Wednesday, September 25, 2013

Монгол дахь ХБНГУлсын Конрад-Аденауэр Сангийн түүхээс

Монгол улсад тайван замаар өрнөсөн Ардчилсан хувьсгалыг дэлхий дахин дэмжин анхааралтай ажиглаж байсан бөгөөд тэдгээрийн дотроос Герман улс нь илүү талархан хүлээн авч, залуу ардчиллыг хөгжлийн жам ёсны замаар нь хөгжүүлэхэд ямар арга хэлбэрээр тусламж үзүүлж болох талаар судалгаа хийж байсан билээ.

1989 онд зүүн Германд тухайн үеийн пост коммунизмыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд ид хүчээ авч байсны дотор хамгийн том цуглаан нь 10-р сард Лайпциг хотод болсон Даваа гаригийн (Montagsdemonstration) жагсаал хэмээн түүхэнд нэрлэгдсэн үйл явдал байлаа. Энэхүү жагсаал нь хоёр Германыг нэгтгэх, Берлиний ханыг нураах, хүн төрөлхтний түүхэн дэхь хүйтэн дайныг төгсгөл болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснээрээ онцлогтой юм.
Лайпциг хотод суралцаж байсан хэсэг монгол оюутнууд тухайлбал Давхарбаяр, Х. Ариунчимэг нар Монголын Ардчилсан Холбооны салбар зөвлөлийг байгуулан өөрийн эх орондоо өрнөж байсан ардчилсан үйл явцыг дэмжиж байсан юм.

Даваа гаригийн цуглаанд Давхарбаяр оролцож нэгэн герман хүнтэй танилцан Монгол орны тухай ярьсан бөгөөд тэр хүн нь тухайн үеийн ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн (КАС) Азийн хэлтсийн дарга Гюнтер Веннерийн найз нь байснаар барахгүй КАС болон өөрийн найз Веннертэй холбоо барихыг зөвлөсөн байна.

Ингэснээр 1990 онд тус салбар зөвлөлийнхэн Г. Веннерт Монголд өрнөж буй улстөрийн үйл явдлын талаар товч танилцуулга бүхий захидал илгээсэн байна. КАС-ийн удирдлага Давхарбаярыг Бонн хотноо урин ирүүлж уулзаж ярилцсан бөгөөд Давхарбаяр нь монголын Ардчилсан хувьсгалын тухай ялангуяа С. Зоригийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл тэдэнд өгснөөр 1990 онд Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С. Зоригийг Герман улсад урьж КАС-ийн Азийн хэлтсийн дарга Гюнтер Веннер нь Европийн Холбооны Парламент болон Бундестагийн гишүүд зэрэг өндөр албаны улстөрчидтэй хийх уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтууд нь маш амжилттай болж 08-р сард Конрад-Аденауэр Сан өөрийн 2 хүнээ Монголд илгээж байдлыг газар дээр нь судлахаар тохиролцсон байна.

Тухайн үед С. Зориг нь МоАХ-ны Ерөнхий зохицуулагчийн ажлаа өөрчилснөөс болж уг асуудалд Монголын талаас тавих анхаарал орхигдсон байна. Гэтэл 1990 оны 08-р сард Германаас 2 хүн ирэх тухай мэдээ ирж тухайн үеийн МоАХ-ны дэд зохицуулагч Б. Бат-түвшин орчуулагч Х.Ариунчимэгийн хамт уг айлчлалыг зохион байгуулсан байна.

Конрад-Аденауэр Сангаас хатагтай Крейгер, ноён Юнг нар Монгол улсад ирж Төр засгийн удирдлагуудтай уулзан, хөдөө орон нутгаар аялж тухайн үеийн Монголын улстөрийн байдалтай танилцаж тохиролцоонд хүрсний дагуу Монгол улсын Засгийн Газрын хүсэлтээр Суурин төлөөлөгчийн Газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Яг энэ үед Монгол улсын Засгийн Газрын бодлогын шийдвэр гарч зах зээлийн эдийн засаг болон ардчилал өндөр хөгжсөн барууны орнуудтай аль болох олон талт харилцаатай байх чиглэл баримталж байсан нь таатай нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Ийнхүү Германы улстөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том байгууллага болох Конрад-Аденауэр Сан Монгол улсад байнгын үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдаж байсан түүхтэй.

1993 онд Конрад-Аденауэр Сан өөрийн Суурин төлөөлөгчийн Газрыг Монгол улсад албан ёсоор нээж тухайн үед Соёлын төв өргөөний хойд талын корпусын гурван давхарт 2 өрөө түрээслэн авснаар байнгын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй билээ.

Анхны Суурин төлөөлөгч Вернер Проль нь томилогдон ирж орчуулагч Ф. Форкерт, жолооч Б. Багабаяр нарын хамт ажлаа эхэлж эхний 6 сар Улаанбаатар зочид буудалд амьдарч байсан бөгөөд 1993-1999 оны 09 сар хүртэл ажилласан юм. Вернер Проль амьдралынхаа ихэнх хугацааг гадаадын орнуудад тухайлбал НҮБ-ын Женев дахь салбар, Филиппин, Шри Ланк зэрэг орнуудад ажиллаж өнгөрүүлсэн асар өргөн мэдлэг туршлагатай мэрэгжилтэн байсан бөгөөд Монголд ажилласныхаа дараа Вьетнам, Афганистанд Конрад-Аденауэр Санг байгуулан ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гаран өөрийн эх орон Германдаа энх тунх амьдарч байна. В. Пролийн Монгол улсын Ардчиллын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь Герман улсын Засгийн Газар өндрөөр үнэлж төрийн дээд шагнал болох 1-р зэргийн Загалмай мөнгөн одонгоор шагнасан юм.

Тус Сан нь анх Монгол улсад өрнөсөн Ардчиллыг хөгжүүлэх мөн жижиг төслүүдийн хүрээнд Хөдөөгийн амьжиргааг дэмжих гэсэн 2 үндсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн юм.

Ардчиллыг хөгжүүлэх төслийн хүрээнд эрх зүйт төрийн ардчилсан институтуудыг байгуулах шинэ тулгар байгуулагдсан Парламентыг бэхжүүлэхэд зөвлөлгөө өгөх, Германы Бундестагийн Тамгын Газартай холбоо тогтоон олон тооны мэргэжилтэнг Монголд урин ирүүлж онол-практикийн бага болон олон улсын бага хурал, зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж байсан ба энэ ажил одоо хүртэл үргэлжлэн явагдаж байна. Мөн УИХ-ын болон Засгийн Газрын гишүүд, ҮХЦ-ийн гишүүдийг өөр өөрсдийнх нь ажил үүргийн дагуу Герман болон дэлхийн бусад орнуудад зохион байгуулагдсан Олон улсын томоохон чуулга уулзалтуудад өөрийн зардлаар оролцуулан туршлага судлуулах, Монгол улсын Ардчилсан хөгжлийн талаар үнэн зөв мэдээллийг дэлхий дахинд таниулан сурталчлах зорилготойгоор гадаадын оронд явуулж дэмжлэг үзүүлсээр байна.

70 жилийн турш коммунист үзэл суртлаар тархиа угаалгасан монголчуудад Зах зээлийн эдийн засгийн болон Ардчилсан-иргэний нийгмийн үндсэн зарчмууд, ардчиллын үнэт зүйлсийн талаар анхны ойлголтуудыг жирийн иргэдэд ойлгуулан эзэмшүүлэх зорилготойгоор, насанд хүрэгчдийн улстөрийн боловсролыг дээшлүүлэх шилжилтийн үеийн зайлшгүй шаардлагын үүднээс Улаанбаатар хотноо 1993 онд Улстөрийн Боловсролын Академийг (УТБА) 7 хүнтэйгээр байгуулан анхны захирлаар нь Д. Баярцэнгэлийг томилж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй билээ. Удалгүй 1997онд Дорнод, Өвөрхангай, Дундговь, Ховд, Дархан, Хөвсгөл аймгуудад УТБА-ийн салбаруудыг нээснээр Монгол улсын бүх аймаг, сум, багт хүрч ажиллах өргөн бололцоо дэд бүтцийг бий болгож Монгол улсын нийт иргэд ижил түвшний сургалтыг өөрийн хот, сум, гэртээ авах боломжтой болсоор 10 жилийг ардаа орхиж соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Тус УТБА нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг Монголын ТББ бөгөөд КАС-ийн албан ёсны түншлэгч байгууллага юм.

Хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 1993 оны намраас эхлэн Монголын Ардын Аж Ахуйтны Холбоотой Хамтран ажиллах тухай Гэрээг байгуулан 2002 он хүртэл санхүү болон онол-арга зүйн талаас нь дэмжиж ажиллаж байсан юм. Анхны даргаар нь Ц. Элбэгдорж дараа нь Ц. Ганхуяг, Р. Эрдэнэ нар ажиллаж байсан. Малаа хувьчилж авсан малчид өөрийн гэсэн амьжиргааны эх үүсвэртэй болсон хэдий ч тухайн үеийн нэгдлүүд тарснаар тэднийг нэгтгэн эрх ашгийг нь хамгаалах мөн хувийн аж ахуйгаа зах зээлийн үед авч явах мэдлэг туршлага дутмаг зэргээс үүдэн орчин үеийн ХАА-н хоршоодын суурийг тавьж анхны ХАА-н хоршооны тухай хуулийг Герман улсын жишээн дээр санаачлан УИХ-аар батлуулан мөрдүүлж ажиллаж байгаа билээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбооны ТАСИС хөтөлбөр, , АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Азийн сан, Соросын сан Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг Монголд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон гадаадын мөн УИХ-ын Тамгын Газар, ЗГХЭГазар, ҮХЦэц, СЕХороо,Монголын Нутгийн удирдлагын Холбоо,Монгол-Германы чуулган, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Сонгогчдын боловсрол төв зэрэг Монголын төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон жилийн туршид нягт хамтран сайн түншийн хэмжээнд амжилттай ажиллаж байна.

4 дэхь засаглал болох бие даасан, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгох зорилгоор Хэвлэлийн хүрээлэнтэй сэтгүүлчдийн мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэхээр урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн Герман мэрэгжилтнүүд болон Дойче Велле телевизтэй хамтран сургалт-семинаруудыг зохион байгуулж ажилласан.

Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Монголын анхны иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага болох “Онги голынхон” байгаль орчны чиглэлийн хөдөлгөөнийг анхнаас нь дэмжиж иргэдийн хөдөлгөөн нь ардчилсан нийгэмд хэрхэн зохион байгуулалтанд орж ямар үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн ажлаа төлөвлөдөг зэргээр онол-практикийн зөвлөлгөө өгч мэрэгжилтнийг жил бүр урин ирүүлж туслалцаа үзүүлсээр ирлээ.

Монгол улсад явуулж буй үйл ажиллагаагаа цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх үүднээс 1997 онд УИХ-ын Тамгын Газартай Хамтын Ажиллагааны Гэрээг албан ёсоор байгуулан ажилласнаар энэ нь тус Сангийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлыг Монголын төрийн зүгээс өндөр үнэлэн хүлээн зөвшөөрсний илрэл болсон төдийгүй хууль эрх зүйн хувьд баталгаажин, өргөн цар хүрээтэй болох үндсийг тавьсан чухал арга хэмжээ болсон юм.

1995 онд хуучин Соёлын яамны одоогийн МоАХолбооны байранд нүүн орсноор өөрийн гэсэн албан контортой болж тухайн үеийн ардчилсан хүчнүүд болох МҮАН, МСДН, МҮДН зэрэг улстөрийн намуудтай улам ойр дотно ажиллаж эхэлсэн юм.

Др. Петер Глуховски 1999 онд хоёр дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирж ажилласан бөгөөд томилогдохоосоо өмнө Монголд ирж Олон нийтийн санал асуулга-судалгааны анхны бие даасан Төв болох Сант-Марал Санг үүсгэн мэрэгжлийн зөвлөлгөө өгөн анх байгуулж байсан гавъяатай нэгэн байлаа.

П. Глуховски нь Монгол улсад олон намын тогтолцоог төгөлдөржүүлэх ялангуяа намын дотоод ардчилал, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, байгаль орчны чиглэлийн “Онги голынхон” Хөдөлгөөнийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн байсан юм. Тэрээр 2003 оны 01-р сард амралтаараа эх орондоо очоод хүнд өвчний улмаас 09-р сард харамсалтайгаар насан эцэслэсэн билээ. П. Глуховски нь Монгол орны байгалийг шүтэн биширдэг Монгол зөн олонд хайртай, ахуй амьдралыг нь сонирхон судалж дэмждэг нинжин сэтгэлтэй нэгэн байсан юм.

2004 оны 04-р сард Др.Томас Шрапел гурав дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирж одоог хүртэл амжилттай ажиллаж байна.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны 07-р сард ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч бөгөөд Конрад-Аденауэр Сангийн тэргүүн дэд дарга Др. Н. Ламмерт нь Монгол Улсад албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн нь хоёр орны олон талт иж бүрэн түншлэлийг шинэ шатанд гаргасан чухал тэмдэглэлт үйл явдал болсон юм.

Конрад-Аденауэр Сан нь сүүлийн жилүүдэд Монгол улсын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх ялангуяа хөдөө орон нутаг дахь ИТХ-ын чадамжийг дээшлүүлэхэд түлхүү анхааран Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Баянхонгор зэрэг аймгуудад том хэмжээний цуврал арга хэмжээнүүдийг явуулсаар байна.

Конрад-Аденауэр Сангийн тэргүүн Бернхард Фогел 2007 оны 06-р сард Монгол улсад ажлын айлчлал хийсэн ба энэхүү айлчлалын хүрээнд Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзан ярилцаж КАСанг хойшид урт хугацаанд тогтвортой ажиллуулах талаар ярилцан шийдвэрлэсэн нь тус Сангийн хувьд түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болсон юм. Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ болон Конрад-Аденауэр Сангийн хооронд Хамтын ажиллагааны тухай Гэрээ байгуулан хоёр тал гарын үсэг зуран баталгаажуулснаар Монгол улсын засаг захиргааны шинэчлэл, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутаг дахь захиргааны албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах боломжийг нээж өгсөн юм.

Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр Монгол-Германы чуулганы ээлжит Бага хурлуудыг Герман болон Монголд 2002 оноос одоог хүртэл жил бүр зохион байгуулж, тухайн үеийн чухал асуудлуудыг хуралдааны гол сэдэв болгон хэлэлцэж ирлээ.

Ийнхүү Конрад-Аденауэр Сан нь 15 жилийн туршид Монгол улсын ардчилсан хөгжлийг дэмжин туслах олон талт үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд дээр нэр дурдсан олон байгууллагатай сайн түншийн хэмжээнд ойр дотно нягт хамтран ажилласаар байна.

Хойшид ч энэхүү үйл ажиллагаа нь хоёр талын итгэл үнэмшил дээр суурилан тасралтгүй үргэлжлэх болно.

Монгол улс дахь КАС-ийн Суурин төлөөлөгчийн газрын
Хөтөлбөрийн менежер Д. Буянтогтох

Улаанбаатар 2008.01.09  Монгол дахь ХБНГУлсын Конрад-Аденауэр Сангийн түүхээс
КАС-ийн Монгол дахь анхдагч суурин төлөөлөгч ноён Вернер Проль, П.Глуховски нар УТБА-ийнхантай хамт 1999он

КАС-ийн Монгол дахь анхдагч суурин төлөөлөгч ноён Вернер Проль УТБА-ийнхантай хамт 1999он

No comments:

Post a Comment