Friday, December 5, 2014

Монголын ардчилсан хувьсгал 25” эрдэм шинжилгээний бага хурал болов

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан “Ардчилсан хувьсгал 25” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Төрийн ордны А танхимд болж өндөрлөлөө. Энэхүү хурлыг Монголын Ардчилсан холбоо болон Улс төрийн боловсролын академиас зохион байгуулсан бөгөөд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УТБА-ийн гишүүд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид, МоАх-ын гишүүд оролцлоо.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал, алдаа оноо, өнөөгийн бодит байдлыг шинжлэх ухаанчаар судлан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн 25 жилийн өмнө тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт таарсан ардчиллыг хөгжүүлэн ижил гараанаас эхэлсэн улс орнуудтай харьцуулахад үлгэр жишээ болохуйц амжилт үзүүлсэн нь ардчилагчдын гавьяа гэдгийг онцлон хэллээ.
Хурлын үеэр Төрийн соёрхолт нийтлэлч Б.Батбаяр “Монголын ардчилал ба ардчилах үйл явц” сэдвээр илтгэл тавьсан нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа. Энэхүү илтгэлээрээ сүүлийн хорин таван жилийн албан ёсны статистикийг харьцуулан, БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэстний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй бармт бичиг, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2012 оны жил бүрийн тайлан зэргийг ашиглан тоо баримт дурдлаа. Монголчуудын амьдрал ахуй дордож, ирээдүй үгүй болж байна гэсэн мэдээ мэдээлэл дунд байгаа ч хүний эрх эрх чөлөө, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин нөхцөл зэрэг нь бодит амьдрал дээр ямар байдалтай байгааг хэллээ.
Мөн УТБА-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат “Ардчилал ба чанар” сэдэвт илтгэлдээ Ардчилалын түүхэн замнал, ардчиллын талаарх ялгаатай ойлголтуудын талаар дурдаж, ардчиллын чанарыг бууруулж байгаа хүчин зүйлсийг дурдсан юм. Мөн “Сант марал” төвийн Захирал М.Сумати Ардчиллын үнэт зүйлс,өөрчлөлт төлөвшилтийн талаар тал талаас нь судалгаа шинжилгээ хийсэн талаараа танилцуулав.
Монгол улсын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Ардчилал ба үндсэн хуульт ёсны хөгжил сэдвээр илтгэлдээ иргэдийн улс төрийн оролцоо илт буурч, бодит оролцоо сул байгааг дурдаад,үндсэн хуульт ардчилалд томоохон сорилт, бэрхшээл тулгарч байдаг бөгөөд энэ нт оюун ухааны хүчтэй мөнхийн уялдаа холбоотой байдаг гэлээ.

No comments:

Post a Comment