Thursday, August 16, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч Герхард Валерсийг хүлээн авч уулзав

ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Конрад Аденауэр сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажилласан анхны улс төрийн сан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд ноён Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм.
Др.Герхард Валерс уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүлээн авч уулзаж байгаад талархаад, өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын ардчиллын үйл явцыг дэмжиж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэр сан нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг онцлоод, улс төрийн намууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахдаа залуу боловсон хүчинг бэлтгэхэд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар ярилаа.
Др.Герхард Валерс Конрад Аденауэр сан нь Монгол Улстай ямар ч салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад өрнөж байсан ардчиллын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж ирсэн бол одоо Монгол Улсаас суралцах зүйл их болсон гэдгийг цохон тэмдэглэв. Мөн талууд улс төр, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Др.Герхард Валерст болон түүгээр дамжуулан сангийн нийт хамт олонд Монгол Улстай хамтран ажиллаж ирсний 25 жилийн ойн мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ.

No comments:

Post a Comment