Шуурхай мэдээ. . .

Hүүp xyyдac arrow Тэмдэглэл arrow Эрдмийн зөвлөлийн дүрэм
Эрдмийн зөвлөлийн дүрэм Хэвлэх И-майл

Либерти Дээд сургуулийн Эрдмийн

зөвлөлийн дүрэм

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Либерти дээд сургуулийн Эрдмийн зөвлөл нь Монгол улсын Дээд боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журам, Либерти дээд сургуулийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.2. Эрдмийн зөвлөл нь сургуулийн дүрэм, сургалт эрдэм шинжилгээний ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэх, сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт  гаргана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ

2.1. Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь дараах асуудлуудыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргана. Үүнд:

2.1.1. Сургуулийн хэтийн төлөв, хөгжлийн асуудал, сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлуудыг хэлэлцэж, удирдах зөвлөлд санал оруулна.

2.1.2. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийг байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэн удирдах зөвлөлд санал хүргүүлнэ.

2.1.3. Сургуулийн захирлын болон нэгжийн удирдлагын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

2.1.4. Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, тайлан, үр дүнг хэлэлцэж санал,  дүгнэлт  гаргана.

2.1.5. Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын сэдвийг батлах, эрдмийн бүтээлийг үнэлж, дүгнэлт өгөх, бүтээлийг хэвлүүлэхээр санал дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

2.1.6. Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагнал бий болгох, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.1.7. Гадаадын их сургууль, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжиж буй олон улсын төслийн биелэлтийг хэлэлцэн дүгнэх, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргана.

2.1.8. Улс орны нийгэм-эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр, санал, дүгнэлт, зөвлөмж, хуулийн төсөл зэргийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана.

2.1.9. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэж батлана.

2.1.10. Эрдэм шинжилгээний төслийн үр дүнг хэлэлцэн санал дүгнэлт гаргана.

2.2. Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий асуудлуудыг гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.

2.3. Эрдмийн зөвлөл нь төр, засгийн удирдах дээд байгууллага болон олон улсын нэр хүнд бүхий байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг үндэслэн тэдгээрийн дэвшүүлсэн асуудлыг эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн, шийдвэр гарган, санал, дүгнэлт өгч болно.

Гурав. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

3.1. Сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.

3.2. Зөвлөлийн дарга хуралдааны хугацааг товлох, зөвлөлийн гишүүдийн ажил үүргийг хувиарлах, гүйцэтгэлд хяналт тавих зэргээр зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж ажиллана. Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагуудтай харилцана. 

3.3. Эрдмийн зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг захирлын тушаалаар томилно. Нарийн бичгийн даргаар магистраас дээш зэрэгтэй сургуулийн үндсэн багшийг сургалтын цагийн ачааллыг нь зохих хувиар хөнгөлүүлэн орон тоогоор ажиллуулж болно.

3.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлд ирүүлсэн материалуудыг хүлээн авч, хурлын бэлтгэлийг ханган, зөвлөлийн дотоод ажлыг хариуцна.

3.5. Боловсролын болон шинжлэх ухааны доктор, профессор, дэд профессорын зэрэг цолтой тус сургуулийн үндсэн болон цагийн багш нар эрдмийн зөвлөлийн гишүүн байна.

3.3. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай магистр багш эрдмийн зөвлөлийн гишүүн байж болно.

3.4. Өөр сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш судлаачдыг эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

4.1. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох

4.2. Эрдмийн зөвлөлд хэлэлцсэн асуудлаар санал бодлоо чөлөөтэй хэлэх, шүүмжлэх

4.3. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг эрдмийн зөвлөлийн дарга болон холбогдох удирдлагуудад тавьж шийдвэрлүүлэх

4.4. Эрдмийн зөвлөлийн тогтоол, протоколын биелэлтийг шалгах комисст оролцож ажиллах

4.5. Өөрийн хүсэлтээр эрдмийн зөвлөлийн гишүүн байхаас татгалзах

4.6. Эрдмийн зөвлөлийн хуралдаанд биеэчлэн оролцох

4.7. Удирдлагаас өгсөн аливаа үүрэг, даалгаврыг биелүүлэх, өөрийн сургууль дээр эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох

Тав. Эрдмийн зөвлөлийн хуралдааны дэг, шийдвэр гаргах журам

5.1.   Эрдмийн зөвлөлийн хуралдааныг эрдмийн зөвлөлийн дарга удирдана.

5.2. Зөвлөлийн гишүүдийн 2/3-оос доошгүй нь хүрэлцэн ирсэн тохиолдолд зөвлөлийг хуралдуулна.

5.3. Хуралдаанаар хэлэлцэх асуудал, холбогдох материалыг  хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараасан байна.

5.4. Зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргана. Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд нууцаар санал хурааж болно.
 
< Өмнөх   Дараах >
©2002, 2005, 2010 Улс төрийн Боловсролын Академи ©2006,2007 Либерти Дээд Сургууль